Monday, July 30, 2012

КАС-ыг санхүүжилтээр Нутгийн удирдлага-Дотоод ажил сургалт

КАС-ыг санхүүжилтээр Нутгийн удирдлага-Дотоод ажил сургалт 2012-07-18,19 нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдлаа. Завхан, Хөьсгөлийн 100 орчим хүн оролцов

Шинэ ном доор мөргөмүй

"Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүл зүйн хэмжээ" нэртэй үндэсний хэмжээний санал асуулга, агуулгын судалгааны шинэ ном маань хэвлэлтээс ирлээ. 2011 оны турш ажилласан хоёр томоохон судалгааны минь нэг нь ийнхүү ном болон хэвлэгдсэнд судлаач хүний хувьд туйлын баяртай байна.

Уг номонд маань хоёр иргэний нэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайн хэрэгжихгүй байна гээд хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид чөлөөтэй бичиж, нийтлэх, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх явдал хэмээн ойлгож байгаа, түүнчлэн орон нутгийн иргэдийн мэдээлэл хүлээн авах боломж нэмэгдэхийн сацуу мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл үнэмшил суларч, хэвлэл мэдээлэлд илүү шүүмжлэлтэй хандаж байгаа талаар бичигдсэн.

Мөн ОНТ-ийг эс тооцвол бусад мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээнд сэтгүүлч хувийн дүгнэлт, үзэл бодол оруулах нь сүүлийн 5 жилд нэмэгджээ. Ялангуяа арилжааны телевизүүд мэдээн дундуур үзэл бодол, байр сууриа тулгах явдал хоёр дахин ихэссэн байна. Түүнчлэн эх сурвалжгүй хийгээд нэг эх сурвалжтай мэдээ давамгайлж, ямар ч эх сурвалжгүй мэдээ 10-18 дахин нэмэгдсэн нь бодитой, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх мэргэжлийн болон ёс зүйн зарчим алдагдаж байгаа юм. Судалгаагаар гарсан эерэг үзүүлэлтэд дуулиан шуугиан дагуулсан таамаг, цуу яриа нийтэлж, агуулгаасаа зөрсөн сүржин гарчгаар олон нийтийн анхаарлыг татах, зохимжгүй үг хэллэгээр бусдыг дайрч доромжлох байдал харьцангуй буурсан байна.

Ном дор мөргөмүй...

Боловсролын Социологи

Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" 2011
Боловсролын Их Сургуулийн багш Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" хэмээх шинэ номыг энэ онд эрхлэн хэвлүүлсэн байна. Гадаад хэлний багш, заах арга зүйч мэргэжилтэй тэрээр боловсролын социологийн "удиртгал" суурь зарим зүйлийг багтаасан хэмээн өмнөх үгэндээ дурьджээ.
Гарын авлагад боловсролын социологийн тухай, түүний зорилго, судлах зүйл, үндсэн асуудал, боловсрол, нийгэмшил, давхраажил, боловсролын социологийн судалгааны арга, боловсролын үзэгдэлд социологийн анализ хийх тухай өгүүлжээ. Гарын авлагын зорилтот бүлэг нь боловсрол судлалын магистр, докторантын сургалтанд зориулсан юм байна.

Улаанбаатар хот 2011 он
ДДС 306.43
И-967
ISBN 978-99929-4-947-3


Эмэгтэй нэр дэвшигч ба Хэвлэл мэдээлэл

Глоб интернэшнл ТББ-аас “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд өргөн хэрэглээний сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрчид, эмэгтэй нэр дэвшигчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн талаар хэрхэн мэдээлсэн байдлыг илрүүлэх түргэвчилсэн мониторинг хийлээ.

Мониторингийг 2008 оны 6-р сарын 21-27, 2011 оны 6-р сарын 13-19, 2011 оны 10-р сарын 12-25-ны өдрийг дуусталх хугацаанд өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, долоо хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг” сонин, http://www.news.mn/, http://www.olloo.mn/, http://www.factnews.mn/, http://www.caak.mn/, http://www.medee.mn/, http://www.amjilt.com/, http://www.gogo.mn/, http://www.shuud.mn/ цахим хуудсуудад нийтлэгдсэн мэдээллүүдэд хийсэн.

Ажиглагчид тусгайлан боловсруулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгтийн дагуу тоон болон чанарын мэдээлэл цуглуулж, excel программд оруулж кодлон, SPSS 16.0 программаар боловсруулав.

Мөн www.google.mn хайлтын системээс “эмэгтэй улс төрч”, “эмэгтэй нэр дэвшигч” гэсэн түлхүүр үг ашиглан 2008 оноос 2011 оны 10-р сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд санамсаргүй байдлаар илэрсэн эхний 50 мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Мониторингийн хугацаанд нэр бүхий таван сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрч, эмэгтэй нэр дэвшигчидтэй холбоотой 350 мэдээлэл гарсан байна. Үүний 287 буюу 82 хувь нь тодорхой нэр заасан эмэгтэйчүүдийн тухай байв. Үүнээс 230 буюу 80,1 хувь нь цахим хуудсанд, 57 буюу 19,8 хувь нь сонинд нийтлэгджээ.

Нийт 42 эмэгтэйтэй холбоотой мэдээлэл байснаас нийт мэдээллийн 39,3 хувь нь УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нарын тухай байна. Эдгээрээс С.Оюунтай холбоотой мэдээлэл хамгийн их буюу нийт мэдээллийн 22,3 хувийг эзэлж байгаа боловч 18,2 хувь нь шууд буюу өөрөөс нь авсан, үлдсэн нь нэр нь дурьдагдсан мэдээлэл байлаа.

Таван сонинд нийтлэгдсэн эмэгтэйчүүдийн тухай бичвэр хэмжээний хувьд сонины нэг нүүрийг 1565 см2 гэж үзвэл нийт сонины 105 нүүр болсноос нэр бүхий эмэгтэйчүүдийн тухай бичигдсэн 57 мэдээлэл 12,4 нүүр эзэлж байна. Энэ нь дан эрчүүдтэй холбоотой мэдээллийн хэмжээнээс 5,9 дахин бага талбай байна. Цахим хуудсан дахь мэдээлэл Times New Roman 9 фонтоор бичигдсэн А4 хэмжээтэй 27,9 нүүр материалтай тэнцэж байна.

Мэдээллийн өнгө аясын хувьд нийт мэдээллийн 58 хувь нь дундаж утгаар, 25 хувь эерэг, 16,7 хувь сөрөг агуулгатай байна. Эмэгтэй нэр дэвшигч, эмэгтэй улс төрчидтэй холбоотой таван мэдээлэл бүрийн дөрөв нь нэр дурьдагдсан мэдээлэл байна.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд зайлшгүй хэрэгтэй 41 хувь, тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй 36 хувь, байж ч болно, байхгүй байсан ч болно 18 хувь, бараг хэрэггүй 4 хувь, огт хэрэггүй гэсэн агуулгатй мэдээлэл нэг хувь байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу

Жендерийн шинэ судалгаа

Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа
УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна хэмээн анх удаа квот тавьж өгөв. Нам бүр нэр дэвших 76 хүнийхээ 15-ыг эмэгтэй байлгах үүргийг хуулийн өмнө хүлээлээ. Тэгвэл эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ямар байгаа вэ. Сонгогчид тэднийг хэрхэн үнэлдэг вэ?

“Сант Марал” сангаас АНУ-ын Азийн сангийн захиалгаар Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа хийж дүнг гаргажээ. Судалгааг 2011 оны аравдугаар сарын 21-24-нд нийслэлийн 800 иргэний дунд хийсэн байна.
“Одоогийн УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй, таны бодлоор яагаад ийм цөөхөн эмэгтэй гишүүн сонгогдсон бэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын хамгийн олон буюу 32,4 хувь нь “Одоогийн бий болсон улс төрийн сүлжээнд эмэгтэйчүүд нэвтэрч орох боломжгүй” хэмээн хариулжээ. Эрчүүдийн 25,3 хувь, эмэгтэйчүүдийн 37,6 хувь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. “Хэрэв танай тойргоос сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та санал өгөх үү” гэсэн асуултад эрчүүдийн 41,5 хувь, эмэгтэйчүүдийн 65,2 хувь буюу нийт судалгаанд оролцогчдын 55,1 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Эндээс харвал сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг урьд өмнөхөөс илүүтэй дэмжих сэтгэл зүй бүрдсэн байна.

Харин “хэрэв дэмжихгүй бол яагаад” гэсэн асуултад “Энэ бол манай парламентын уламжлалт ёсонд нийцэхгүй” гэж эрчүүдийн 8,5 хувь, эмэгтэйчүүдийн 13,8 хувь хариулжээ. “Эмэгтэйчүүд гэртээ байж гэр орноо авч явах ёстой” гэж эрчүүдийн 28 хувь, эмэгтэйчүүдийн 31 хувь үзсэн байна. Эндээс харвал эмэгтэй сонгогчид эрчүүдээсээ илүү хуучинсаг үзэлтэй болж таарлаа.
Анхаарч үзвэл зохих нэг зүйл нь “намуудад нэр дэвшиж гарч ирэх үнэлүүштэй эмэгтэй алга” гэж эрчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 51,7 хувь үзсэн нь улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ сайн сурталчилж таниулж чадаагүй, чадалтай бүсгүйчүүд эрчүүд шиг өөрийнхөө РR-ыг хангалттай хийж чаддагүйтэй холбоотой гэж үзэхээр байгаа юм.

Эмэгтэй нэр дэвшигчийн сул талыг “зан аашийн байдал” гэж эрчүүдийн 12,9 хувь, эмэгтэйчүүдийн 14,3 хувь үзжээ. Бас л эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сул үнэлсэн байна. Сурталчилгаа муу, сонгогчидтой холбоо тааруу гэж эрчүүд, эмэгтэйчүүд бараг эн тэнцүү 4,4 орчим хувь нь үзжээ. “Улс төрд орон зайгүй учраас эмэгтэйчүүд дундаж гишүүнээс илүү ухаалаг байх ёстой” гэж эрчүүдийн 38,5 хувь, эмэгтэйчүүдийн 44,6 хувь хариулжээ. Бас л эмэгтэй нь эмэгтэйгээ дутуу үнэлдгийн илрэл гарч ирсэн байна. “Идэвхтэй, шийдэмгий, манлайлагч бай” гэж эрчүүдийн 1,5 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийг зоригжуулсан нь эмэгтэйчүүдээс 0,3 хувиар илүү байна. Бас багаар сайн ажиллавал амжилтад хүрнэ гэж эрчүүд эмэгтэйчүүдээс нэг хувь илүү дэмжжээ.
“Сонгуулийн үеэр адилхан шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигч байгаа тохиолдолд эмэгтэй нэр дэвшигчид санал өгөх магадлал хэр байгаа вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54,8 хувь нь “эмэгтэйд нь” гэжээ. “Орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь хүчтэй” гэж эрчүүдийн 39,1 хувь, эмэгтэйчүүдийн 54,8 хувь, “хүчтэй тал руугаа гэж” эрчүүдийн 37,4 хувь, эмэгтэйчүүдийн 29,3 хувь хариулжээ. “Сул” гэж гурав орчим хувь нь л үзсэн байна. Харин улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн байр суурь сул гэдгийг эрчүүдийн 29,7 хувь, эмэгтэйчүүдийн 25,7 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд энэ байдлыг засах ёстой гэж хариулт өгсөн иргэдийн 50 гаруй хувь үзжээ.

Дээрхээс харахад харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дутуу үнэлдэг, сул гэж үздэг ажээ. Тиймээс нэр дэвшигч эмэгтэй ч, сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг сонгогч эмэгтэйчүүд ч зоригтой байвал ялах магадлал байгааг “Сант марал” сангийн судалгаа харуулж байна.

SPSS 16.0

SPSS 16 програмыг хэрхэн компьютертоо суулгах вэ?
Нийгмийн судалгааны статистик шинжилгээний SPSS (Өдгөө 17-с хойших хувилбараа PASW хэмээн болсон) програмын хэрэглээ Монголд өргөн дэлгэр болоод удаж байна. Энэ програмтай ажилладаг судлаачид, багш, сайн дурын мэргэжилтнүүд ч олширсон байна. Иймээс SPSS 16 хувилбарыг хэрхэн компьютертоо суулгах зааврыг хүргэж байна.

ширээний ном

"Социологийн судалгааны үндсэн аргууд" ном
Хянан тохиолдуулсан: В.Отгон насан
Он: 2005
Хот: Улаанбаатар хот
Нүүрний тоо: 193
Эрхлэн гаргасан: МУИС Социологийн тэнхим
Хэвлэлт: Нэмж засварласан 3 дахь хэвлэл