Tuesday, June 12, 2012

Хөвсгөл далайг төмрийн сэгээс цэвэрлэнэ

Монголын цэвэр усны нөөцийн 65 хувийг агуулдаг Хөвсгөл далай эх дэлхийн цэвэр усны хоёр хувийг мөн хэвлийдээ хадгалж буй. Хөвсгөл далай уртаашаа 136 км, өргөөшөө 39 км, гүн нь 267 м, Төв Азидаа хамгийн гүн нуур гэдгийг газар зүй үзсэн хүн бүхэн мэднэ. Хөвсгөл нуурын ус Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжиж ОХУ-ын Байгаль нуурт цутган түүний усан сангийн 60 хувийг хангадаг, хагас мянган жилд ганц удаа усаа цэвэрлэдэг, гайхалтай тансаг байгальтай. Нутгийн зон олон “Хөвсгөл далай ээж” хэмээн хүндэтгэдэг их нуурын гүнд харин Монголд хэзээнээс ямар маркийн авто машин оруулж ирэн ашиглаж байсныг харуулах бүхэл бүтэн “музей” бий гэвэл итгэх хүн ховор биз.
Социализмын үед өвөлд нь Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр авто машин, морин чарганы цуваагаар, зунд нь чиргүүлтэй усан онгоцоор ЗХУ-аас шатахуун, хүнс, бараа татаж баруун аймгуудын хэрэгцээг хангадаг байв. Өвлийн цагт далайн мөсөн дээгүүр хар, цагаан хил үүснэ. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагдана. Харин хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэх бөлгөө. Тийм хар хил орой үдшийн цагаар огтхон ч анзаарагдахгүй. Мөсөн замын тээвэр хийж явсан олон ч авто машин жолоочтой, бараатайгаа тийм хилд осолдсон байдаг. Морин чарганууд ч эзэнтэй, морьтой, ачаа бараатайгаа нуурын гүнд живсэн нь цөөнгүй. Хавар мөс хайлж байхад зам товчилж явсан машинууд ч осолдож байсан. Хүн, морьд бол чухам “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардгаар загас “хоп” гэгчээр далайн амьтдын зоог болдог байсан биз. Харин машин техник, уусч хайлдаггүй, үжирч илжирдэггүй бараа сэлтийн үлдэгдэл одоо ч нуурын гүнд хэвээрээ. Монголд ашиглаж байсан үе үеийн машин техникийн “төлөөлөл” болсон живсэн машинуудын зарим нь 50-60 жилийг нуурын гүнд өнгөрөөжээ. Иймээс Хөвсгөл далайг төмрийн сэгээс цэвэрлэх чин сэтгэлтэй иргэд нэгдэж “Хөвсгөл далай-Хөх нэгдэл” нийгэмлэг байгуулсан байна. Тэдний энэ үйлсэд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, ЗТБХБЯ-ны дэргэдэх Далайн захиргаа, БОАЖЯ-ны харьяа Усны газрын ажилтнууд хүч хавсрахаар болжээ. ОХУ-ын Онц байдлын яамныхан ч Байгаль далайтайтай нь хүйн холбоотой Хөвсгөл далайг цэвэрлэх үйлсэд оролцох бололцоогоо илэрхийлээд байна. Тэдний хүчин зүтгэлээр үзэсгэлэнт Далай ээж олон жилийн турш хэвлийд нь хадгалагдаж, цэвэр тунгалаг усанд нь зэв шингээж байсан төмрийн сэгнээс удахгүй салах нь. Гэхдээ 100-267 метрийн гүнтэй, хөвөөнөөс нь зах руу нь хоёр алхахад л хоолойгоор ус татаад ирдэг, яс янгинам хүйтэн тул таван минут ч дотор нь тэсэхэд бэрх нуурын ёроолоос бүхэл бүтэн машинуудын сэгийг татаж гаргана гэдэг санаснаар бүтэх ажил биш юм. Хэдийгээр нуур асар тунгалаг, эрэг хавиараа усан дорх чулуу, загас, жараахай нь алган дээр тавьсан мэт харагддаг ч 50 метрээс доош нарны гэрэл огт тусдаггүй мөнхийн харанхуй эзэгнэдэг ажээ. Тэгвэл живсэн машинууд 50-100 гаруй метрийн гүнд бий. Ингээд Монголын талаас ОХУ-ын холбогдох газруудад хандахаар болжээ. ЗТБХБЯ-ны Далайн захиргааны ажилтан Д.Ганбаатар ОХУ-ын далай, тэнгист живсэн техник хэрэгслийг татаж гаргадаг төрийн болон хувийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзаж анхны танилцуулгыг хийгээд ирсэн байна. ОХУ-ын Онц байдлын яам, Зүүн Сибирийн Усан замын удирдах газар, Далай тэнгист живсэн техник хэрэгслийг гаргадаг “Наймаалж” нийгэмлэгийнхэнтэй уулзаж, тэд ч тусалж дэмжихээ илэрхийлжээ. Живсэн машинууд зүгээр л далайн ёроолд хэвтэж байхгүй нь мэдээж. Хагас зууныг усны ёроолд үдсэн техникүүд элс шаварт дарагдаж, замаг, усны ургамалд орооцолдон шигдэж, загас жараахайн үүр ичээ болсон байх вий. Иймээс оросууд эхлээд тэдгээрийн байршлыг тогтоон судалгаа хийхээр болжээ. Видео зураг авна. Хэр гүнд байгааг тандана. Яаж татаж гаргахаа тооцоолно. Ингээд боломжтой гэж үзвэл татаж гаргах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэхэд хөвөгч кран, усан онгоц, тусгай аппарат, хэрэгсэл, аврагчдын баг, шумбах хэрэгсэл зэрэг асар их техник хэрэгсэл хэрэгтэй. Монголын аврагчдаас маш цөөхөн нь 30-40 метрийн гүнд шумбах чадвартай тул ОХУ-аас аврагч, шумбагчид урих шаардлага гарч буй. Тэдгээрт зарцуулах хөрөнгө мөнгө ч багагүй гарна. Иймээс “Хөвсгөл далай-Хөх нийгэмлэг”-ийнхэн Голомт банктай энэ тал дээр хамтран 2010002003 тоот данс нээж эх орноо гэсэн сэтгэлтэй иргэдээс хандив авахаар болжээ. Тэдний зүтгэл бүтвэл ойрын хоёр гурван жилд цэнгэг уст Хөвсгөл далайг төмрийн сэгээс бүрэн цэвэрлэх төлөв харагдаж байна.

No comments:

Post a Comment