Monday, July 30, 2012

Шинэ ном доор мөргөмүй

"Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүл зүйн хэмжээ" нэртэй үндэсний хэмжээний санал асуулга, агуулгын судалгааны шинэ ном маань хэвлэлтээс ирлээ. 2011 оны турш ажилласан хоёр томоохон судалгааны минь нэг нь ийнхүү ном болон хэвлэгдсэнд судлаач хүний хувьд туйлын баяртай байна.

Уг номонд маань хоёр иргэний нэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайн хэрэгжихгүй байна гээд хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид чөлөөтэй бичиж, нийтлэх, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх явдал хэмээн ойлгож байгаа, түүнчлэн орон нутгийн иргэдийн мэдээлэл хүлээн авах боломж нэмэгдэхийн сацуу мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл үнэмшил суларч, хэвлэл мэдээлэлд илүү шүүмжлэлтэй хандаж байгаа талаар бичигдсэн.

Мөн ОНТ-ийг эс тооцвол бусад мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээнд сэтгүүлч хувийн дүгнэлт, үзэл бодол оруулах нь сүүлийн 5 жилд нэмэгджээ. Ялангуяа арилжааны телевизүүд мэдээн дундуур үзэл бодол, байр сууриа тулгах явдал хоёр дахин ихэссэн байна. Түүнчлэн эх сурвалжгүй хийгээд нэг эх сурвалжтай мэдээ давамгайлж, ямар ч эх сурвалжгүй мэдээ 10-18 дахин нэмэгдсэн нь бодитой, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх мэргэжлийн болон ёс зүйн зарчим алдагдаж байгаа юм. Судалгаагаар гарсан эерэг үзүүлэлтэд дуулиан шуугиан дагуулсан таамаг, цуу яриа нийтэлж, агуулгаасаа зөрсөн сүржин гарчгаар олон нийтийн анхаарлыг татах, зохимжгүй үг хэллэгээр бусдыг дайрч доромжлох байдал харьцангуй буурсан байна.

Ном дор мөргөмүй...

No comments:

Post a Comment